II ДЭД ХЭСЭГ
БУСДЫН ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ Эд хөрөнгө хөлслөх
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
287 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ
287.1. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
288 дугаар зүйл. Хөлслүүлэгчийн эрх, үүрэг
288.1. Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:
288.1.1. хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх ;
288.1.2. хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх;
288.1.3. гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх;
288.1.4. хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг.
288.2. Хөлслүүлэгч дараахь эрхтэй:
288.2.1. хөлслөн өгсөн эд хөрөнгөөс салгаж болох засан сайжруулалтыг салган авч үлдэх;
288.2.2. хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;
288.2.3. хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;
288.2.4. гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах;
288.2.5. хууль буюу гэрээнд заасан бусад эрх.
289 дүгээр зүйл. Хөлслөгчийн эрх, үүрэг
289.1. Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:
289.1.1. хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах;
289.1.2. эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх;
289.1.3. хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх;
289.1.4. хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх;
289.1.5. гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх;
289.1.6. хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх;
289.1.7. хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг.
289.2. Хөлслөгч нь дараахь эрхтэй:
289.2.1. хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах;
289.2.2. хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах;
289.2.3. хөлслөн авсан эд хөрөнгө нь бусдын амь бие, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд байвал энэ хуулийн 294.3-т заасан хугацааг харгалзахгүй гэрээг цуцлах;
289.2.4. гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах;
289.2.5. талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах;
289.2.6. хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах;
289.2.7. хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, дамжуулан хөлслөх;
289.2.8. хууль буюу гэрээнд заасан бусад эрх.
289.3. Энэ хуулийн 289.2.7-д заасан тохиолдолд хөлслүүлэгч нь зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй.
289.4. Бий болох аюулыг гэрээ байгуулах үедээ хөлслөн авагч мэдэж байгаад тухайн үедээ ямар нэгэн гомдол гаргаагүй тохиолдолд ч энэ хуулийн 289.2.3-т заасан журам нэгэн адил хамаарна.
289.5. Гэрээ байгуулах үед буюу хожим нь эд хөрөнгийн доголдол илэрсэн бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлслөгч хөлсний хэмжээг бууруулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
289.6. Энэ хуулийн 289.2.7-д зааснаар эд хөрөнгийг дамжуулан хөлслөх гэрээний хугацаа үндсэн гэрээний хугацаанаас хэтэрч болохгүй.
289.7. Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй.
290 дүгээр зүйл. Эд хөрөнгийн доголдол
290.1. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ.
290.2. Гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
290.3. Хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байвал тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэнэ.
290.4. Хөлслөн өгсөн эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байвал үр дагаврыг хөлслүүлэгч хариуцна.
290.5. Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна.
290.6. Эд хөрөнгийн доголдлыг хөлслүүлэгч арилгасан буюу доголдол нь тухайн эд хөрөнгийн хэвийн ашиглалтад саад болохооргүй, ялимгүй шинжтэй бол энэ хуулийн 290.5-д заасан журам хамаарахгүй.
290.7. Хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй байвал хөлслөгч уг доголдлыг арилгаж, холбогдох зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.
290.8. Хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан бол хуульд зааснаас бусад тохиолдолд энэ талаар хожим гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй.
291 дүгээр зүйл. Хөлслөгч хариуцлага хүлээхгүй байх үндэслэл
291.1. Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
292 дугаар зүйл. Хөлс төлөх журам
292.1. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө.
292.2. Хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө.
292.3. Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө.
292.4. Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй.
292.5. Хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах, тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна.
293 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа
293.1. Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.
293.2. Эд хөрөнгө хөлслөх гэрээг арван жилээс дээш хугацаагаар байгуулсан бол арван жил өнгөрсний дараа энэ хуулийн 294.3-т заасан хугацааны дотор талуудын аль нь ч гэрээг цуцлах эрхтэй.
294 дүгээр зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох
294.1. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:
294.1.1. гэрээний хугацаа дууссан;
294.1.2. гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн;
294.1.3. хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан;
294.2. Хүндэтгэн үзэх дараахь шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно:
294.2.1. нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар;
294.2.2. хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу түүний ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон;
294.2.3. хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан;
294.2.4. хуульд заасан бусад үндэслэл.
294.3. Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно.
294.4. Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй.
294.5. Энэ хуулийн 294.4-т заасан журам зочид буудал, нийтийн байранд хамаарахгүй.
294.6. Орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана.
295 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсны үр дагавар
295.1. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө.
295.2. Газар хөлслөгч нь өөрийн ямар нэг шаардлагыг хангуулах зорилгоор гэрээ дуусгавар болсны дараа газрыг саатуулан барьж болохгүй.
295.3. Хөлслөгч эд хөрөнгийг гуравдагч этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд хөлслүүлэгч уг гуравдагч этгээдтэй дамжуулан хөлслөх харилцаа тогтоогоогүй бол гэрээ дуусгавар болоход хөлслүүлэгч гуравдагч этгээдээс эд хөрөнгөө шаардаж болно.
295.4. Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй.
296 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ үргэлжлэх буюу сунгах
296.1. Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.
296.2. Орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө хөлслөгч тодорхой буюу тодорхой бус хугацаагаар гэрээг сунгах тухай хүсэлтээ хөлслүүлэгчид бичгээр гаргаж болох бөгөөд энэ хуулийн 294.2-т заасан үндэслэл байхгүй бол хөлслүүлэгч гэрээг сунгаж болно.
297 дугаар зүйл. Эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэний үр дагавар
297.1. Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ.
298 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээний талуудын шаардлагыг хангах хөөн хэлэлцэх хугацаа
298.1. Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй.
298.2. Хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан журмаар тоолно.
299 дүгээр зүйл. Хөлслөгч эзэмшлээ хамгаалах эрх
299.1. Хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн эзэмшлийг өмчлөгчийн болон бусад халдлагаас хуульд заасан арга хэрэгслээр хамгаалах эрхтэй.
300 дугаар зүйл. Эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус байх
300.1. Эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой дараахь гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна:
300.1.1. хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлын талаар мэдсээр байж санаатай дуугүй өнгөрсөн байхад түүнд эд хөрөнгийн доголдолтой холбоотой хариуцлага хүлээлгэхгүй буюу хүлээх хариуцлагыг багасгах;
300.1.2. орон сууц хөлслөх гэрээгээр гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан;
300.1.3. учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон;
300.1.4. энэ хуульд заасан бусад.
301 дүгээр зүйл. Хөлслүүлэгчийн саатуулан барих эрх
301.1. Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй.
301.2. Хөлслүүлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг хөлслөгч нь аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа хангахад ашиглах зориулалтаар, эсхүл амьдралын ердийн нөхцөлд тохирсон харилцааны улмаас буцаан авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд саатуулан барих эрх дуусгавар болно.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ ОРОН СУУЦ ХӨЛСЛӨХ
302 дугаар зүйл. Орон сууц хөлслөх гэрээ
302.1. Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
302.2. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууц хөлслөх гэрээний бие даасан зүйл болохгүй, орон сууцны дундын ашиглалтын талбай /гал тогооны болон ариун цэврийн өрөө, байшингийн орц, шат зэрэг/-г уг орон сууцанд сууж байгаа хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй.
302.3. Хөлслүүлэгч орон сууцны байшин, сууц, өрөөний доторхи сайжруулалттай холбогдсон зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авахдаа ердийн боломжит хугацаанд хөлслөгчид урьдчилан мэдэгдэх, хөлслөгч нь саад болохгүй байх үүрэгтэй.
302.4. Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
303 дугаар зүйл. Орон сууц хөлслөгчийн давуу эрх
303.1. Орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн гурван жил тасралтгүй эзэмшиж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй.
304 дүгээр зүйл. Орон сууц хөлслөгч гэрээнээс татгалзах
304.1. Хөлслөн авсан орон сууцыг бүхэлд нь буюу түүний хэсгийг хөлслөгчид хугацаанд нь шилжүүлээгүйгээс уг гэрээ түүнд ашиггүй болсон, эсхүл хөлслөгч хожим нь уг орон сууцыг ашиглах эрхгүй болсон бол энэ хуулийн 294.3-т заасан хугацааг үл харгалзан хөлслөгч гэрээг цуцлах эрхтэй.
305 дугаар зүйл. Орон сууцыг дамжуулан хөлслөх
305.1. Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй.
305.2. Энэ хуулийн 305.1-д заасан тохиолдолд хөлслүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзах эрхгүй.
305.3. Дараахь үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж болно:
305.3.1. дамжуулан хөлслөгчийн хувийн байдлаас шалтгаалсан, эсхүл татгалзах ноцтой үндэслэл хөлслүүлэгчид байвал;
305.3.2. орон сууцны талбайн ачаалал хэт ихэссэн;
305.3.3. хууль буюу гэрээнд заасан бусад шалтгаан.
305.4. Дамжуулан хөлслөх гэрээний хугацааг талууд тохиролцон тогтоох боловч орон сууц хөлслөх үндсэн гэрээний үлдсэн хугацаанаас хэтэрч болохгүй.
305.5. Дамжуулан хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд талууд гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй.
305.6. Орон сууцыг дамжуулан хөлсөлсөн бол орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход дамжуулан хөлслүүлэгчийн эрх, үүрэг хөлслүүлэгчид шилжинэ.
306 дугаар зүйл. Орон сууц хөлслөгчийн гэр бүлийн гишүүдийн эрх
306.1. Хөлслөгчтэй хамт амьдарч байгаа нөхөр буюу эхнэр, хүүхэд, эцэг, эхийг түүний гэр бүлийн гишүүн гэж үзнэ.
306.2. Энэ хуулийн 306.1-д заасан гэр бүлийн гишүүний төрөл садангийн бусад хүмүүс, түүнчлэн түүний асрамжид байгаа хөдөлмөрийн чадваргүй нэг жилээс доошгүй хугацаагаар хамт амьдарч, хамтын аж ахуй эрхэлж байгаа тэтгүүлэгч хүмүүсийг хөлслөгчийн гэр бүлийн гишүүнд тооцож болно.
306.3. Гэр бүлийн гишүүний талаархи маргааныг шүүх шийдвэрлэнэ.
306.4. Орон сууц хөлслөгчтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн нь хууль буюу орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.
306.5. Орон сууц хөлслөгч буюу түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр орон сууц хөлслөх гэрээг гэр бүлийн аль нэг гишүүнтэй байгуулж болно.
306.6. Гэр бүлийн насанд хүрсэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад орон сууц эзэмших, ашиглах эрхийн талаар гарсан маргааныг орон сууц хөлслөх гэрээг хэн байгуулсныг харгалзахгүйгээр шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
306.7. Орон сууц хөлслөгч нас барсан тохиолдолд түүнтэй хамт амьдарч, хамтын ахуй эрхэлж байсан гэр бүлийн гишүүдэд хөлслөгчийн эрх, үүрэг шилжих бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн гишүүд нь энэ хуулийн 294.3-т заасан хугацаанд гэрээг цуцлах эрхтэй.
306.8. Гэрлэлтээ цуцлахдаа гэрлэгчид нь хөлслөн авсан орон сууцыг эзэмших эрхийн талаар маргасан тохиолдолд маргааныг шүүх шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд шүүх хөлслөгч бус эхнэр буюу нөхөрт орон сууцыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бол тэр нь орон сууц хөлслөгч болно.
307 дугаар зүйл. Түр суугч
307.1. Хөлслөгч, өөрийн эзэмшиж байгаа орон сууцад гэрээ болон хөлсгүйгээр түр суугчийг суулгаж болох бөгөөд түр суугч нь хөлслөгчийн анхны шаардлагаар уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.
308 дугаар зүйл. Орон сууц өмчлөх эрх өөр өмчлөгчид шилжих
308.1. Бусдад хөлслүүлсэн орон сууцыг өмчлөх эрх өөр этгээдэд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
309 дүгээр зүйл. Орон сууцны байшинг буулгахад орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болох
309.1. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр орон сууцны байшинг буулгахад орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болно.
309.2. Энэ хуулийн 309.1-д зааснаар гэрээ дуусгавар болсон тохиолдолд хөлслөгчид өөр орон сууц олгох буюу боломжгүй бол гарсан зардлыг уг байгууллагаас нөхөн төлнө.
309.3. Ашиглалтын шаардлага хангахгүй болсноос орон сууцны байшинг буулгахад энэ зүйлийн заалт хамаарахгүй.
310 дугаар зүйл. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай хийсэн орон сууц хөлслөх гэрээ
310.1. Ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй.
310.2. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа болохоос өмнө ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол орон сууц хөлслөх гэрээг цуцлахад энэ хуулийн 294.2, 294.3-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.
311 дүгээр зүйл. Албаны орон сууц
311.1. Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ.
311.2. Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна.
311.3. Хуульд өөрөөр заагаагүй бол албаны орон сууц эзэмшихтэй холбогдсон харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдох журам нэгэн адил хамаарна.